Орхон: Дөрөвдүгээр ангийн охин 290 суниаж шинэ дээд амжилт тогтоожээ
Чихэнд чимэгтэй
2024-03-15
Орхон аймгийн Баян-Өндөр суманд гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 8-55 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй нийлсэн 300 тамирчин 10 насны ангилалд өрсөлджээ. Тэмцээнийг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачлан 30 жилийнхээ ойн хүрээнд Монголын Гар суниалтын нэгдсэн холбоо, MNB Sport сувагтай хамтран зохион байгуулсан байна. Тэгвэл 8-10 насны ангилалд нийт 54 хүүхэд өрсөлдсөнөөс 20 нь эмэгтэй хүүхэд байжээ. Энэ дундаас Орхон аймгийн 18 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Н.Монголжингоо нийт 290 удаа суниаж түрүүллээ. Энэ ангиллын эхний шатанд оролцогчид 30, хоёр, гуравдугаар шатанд 40-ээс дээш суниаж финалд үлдэх шалгууртай байжээ. Харин Н.Монголжингоо эхний шатандаа 90 удаа суниаснаар шууд финалын шатанд шалгарсан талаар Баян-Өндөр сумын биеийн тамирын арга зүйч манай сайтад ярив. Улмаар сүүлийн шатанд 200 удаа суниаж, өмнөх тэмцээнүүдэд байгаагүй амжилт тогтоожээ. Ингэснээр тэрбээр тэмцээний шилдэг эмэгтэй тамирчин болсон бол 31-36 насны ангилалд оролцогч Н.Шинэбаяр 281 удаа суниаснаар шилдэг эрэгтэй тамирчин болов. Сонирхуулахад, Н.Монголжингоо охин өмнө нь гимнастикийн спортоор хичээллэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.