Францад бүтээлгэх “Чингис” хиймэл дагуулын санхүүжилт нааштай байна
Чихэнд чимэгтэй
2024-03-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сард Францад хийсэн айлчлалын үеэр харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх төслийг хамтран хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Чингис хааны нэрээр буюу “Chinggis Sat” хэмээн нэрлэх болсон уг хиймэл дагуулыг Франц-Италийн хамтарсан “Thales Alenia Space” компанид бүтээх юм. Уг төслийн санхүүжилтэд Францын Засгийн газраас манай улсад зээл олгох бөгөөд энэ нь нааштайгаар шийдэгдэхээр болсон байна. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ сарын 1-ний өдөр Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүнийг, 5-ны өдөр “Thales Alenia Space” компанийн дэд захирал Тиеррэ Вэюлерсе тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзжээ. Энэ үеэр “Thales Alenia Space” компанийн төлөөлөгч хиймэл дагуул бүтээх хөөргөх техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж дуусгаснаа мэдэгдэж, санхүүжилтийн саналыг Монгол улсад албан ёсоор танилцуулан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Дөрвөн тонн жинтэй уг хиймэл дагуулыг энэ оны эхээр хөөргөхөөр төлөвлөсөн бөгөөд 15 жилийн хугацаанд ашиглах юм.
2007 онд байгуулагдсан “Thales Alenia Space” компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж, сансрын орон зайд ажиллах багаж техник, төрөл бүрийн зориулалтын хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Европтоо 17 үйлдвэртэй, нийт 8400 ажилчинтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.