Абу Даби: Дээд хэмжээний уулзалтад Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцов
Чихэнд чимэгтэй
2024-03-06
АНЭУ-ын Абу Даби хотноо болсон дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "SheTrades" дээд хэмжээний уулзалтад манай улсаас Худалдаа аж үйлдвэрийн танхим, "Ханбогд кашемир" ХХК, "Голомт" банк, "Тэсо" групп зэрэг есөн компанийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр монгол эмэгтэйчүүдийг АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар хүлээн авч уулзаж, Монголын бүтээгдэхүүнийг Булангийн орнуудад экспортлох боломжийн талаар ярилцан, дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн хуралдаан болж “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан”-г нээсэн байна. 50 сая ам.долларын эхний хөрөнгө бүхий энэ сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллах ажээ. Мөн АНЭ улсын Засгийн газраас тус сангийн үйл ажиллагаанд 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Манай улс уг сангийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх “She Trades Mongolia” төв Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дээрх сангийн үйл ажиллагаанд хамруулах асуудлыг хариуцан ажиллахаар болсон байна. Уулзалтад дэлхийн 17 орны 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон томоохон компани, корпораци, Засгийн газрын төлөөллүүд оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.