Энэтхэгийн тэрбумтан хүүгийнхээ үдэшлэгт дэлхийн сүпер одуудыг цуглуулав
Анд нөхдийн мэдээ
2024-03-01
“Fortune 500”-д багтдаг Энэтхэгийн “Reliance Industries” корпорацийн эзэн, тэрбумтан Мукэш Амбани бага хүүгийнхээ хуримын өмнөх үдэшлэгийг хийж байна. Түүний бага хүү, 28 настай Анантын үдэшлэг өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 3 хүртэл үргэлжилнэ. Эхнэр болох бүсгүй нь тус улсын эрүүл мэндийн салбарын томоохон компани “Encore Healthcare”-ийн үүсгэн байгуулагч, эзэн, ган шугам, хоолой үйлдвэрлэдэг “APL Apollo Tubes” компанийн удирдах зөвлөлийн гишүүд болох Вирэн Мэрчант, Шайла Мэрчант нарын охин Радхика Мэрчант аж. Бүсгүйн аав рупийн тэрбумтан бөгөөд энэ нь 91 сая доллар болно. М.Амбани хүүгийнхээ хуримын өмнөх баярт Марк Цукэрбэрг, Билл Гэйтс, Гаутам Адани, Боб Игэр нарын тэрбумтан, бизнесмэн, Салман Хан, Шах Рух Хан зэрэг Болливүүдийн алдарт жүжигчин, Бутаны хааны гэр бүл, Хиллари Клинтон, Иванка Трамп гэх мэт 1200 алдартай зочин урьжээ. Тухайлбал, М.Цукэрбэрг эхнэрийн хамт өчигдөр Жамнагар хотод очсон байна. Баярын зочид гурван өдрийн хөтөлбөрт оролцох бөгөөд 2000 амьтантай аврах төв, дэлхийн хамгийн том зааны эмнэлэгт зочлох гэнэ. Энэ үеэрх зочдын хувцас ширэнгэн ойн сэдэвтэй буюу амьтны дүрcтэй хавай футболка байх ёстой юм. Ер нь баярын үеэр зочид хувцаслалтын хэд хэдэн өөр код баримтлах аж. Улмаар зочид нь хувцас угаалгын үйлчилгээ байгаа эсэхийг лавлахад "Уураар цэвэрлэж, гурван цагийн дотор бэлэн болгоно" гэж хариулсан болохыг CNN мэдээлжээ. Үдэшлэгийн хоол 500 гаруй төрөл бөгөөд 100 ахлах тогооч ажиллана. Мөн дуучин Рианна, Дэвид Блэйм нарыг урьж дуулуулах гэж байна. А.Амбани, Р.Мэрчант нар баяр болж буй Гужарат мужийн Жамнагар хотын оршин суугчдыг өнгөрөгч лхагва гарагт дайлахад 51 мянган хүн ирж хоолложээ. М.Амбани 2018 онд охин Айшагийнхаа хуримд дуучин Бэойнсэг урьж дуулуулсан бөгөөд хуримын зардал 100 сая доллар болсноор Энэтхэгийн хамгийн үнэтэй хурим болсон удаатай. Түүний хөрөнгө “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр 117 тэрбум доллар ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.