10 баримт: Өндөр жил
Анд нөхдийн мэдээ
2024-02-29
1. Дэлхий нарыг тойрон эргэхдээ дөрвөн жилд нэг удаа зургаан цаг удааширдаг учраас өндөр жил тохиодог. Өөрөөр хэлбэл, 24 цаг дээр зургаан цагийг нэмж 32 болгох боломжгүй учир нэг өдөр нэмж тухайн жил 366 хоногтой болно. Үүнийг нарийвчлан тооцоолбол, 365.25 өдөр болдог.
2. Анх МЭӨ 45 онд Ромын хаан Юлий Цезарь өндөр жилийг цаг тооны бичигт оруулсан бөгөөд математик тооцооллын алдаа гаргасныг нь 1582 онд XIII Григорий засжээ.
3. Өндөр жил нь 100 дахь жил дээр тохиодоггүй бол 400 дахь жил дээр тохиодог. Энэ нь 1900 онд өндөр жил тохиогоогүй ч 2000 онд тохиосны шалтгаан бөгөөд 2100, 2200, 2300 онд өндөр жил тохиохгүй, 2400 онд тохионо гэсэн үг.
4. Ингэснээр 400 жилийн 97-д нь өндөр жил тохиодог байна.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр манай улсад хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2302 хүн байна. Тэдний 1143 нь Улаанбаатарт амьдардаг бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон нь буюу 93 нь оршин суудаг ажээ. Мөн ихэнх нь буюу 998 нь 0-24 настай.
6. 2020 оны байдлаар Монголд 1973 иргэн хоёрдугаар сарын 29-нд төрсөн байжээ. Тэгэхээр тэр жил 329 хүүхэд мэндэлсэн нь өнөөдөр дөрвөн нас хүрч байна.
7. Харин 2020 оны байдлаар дэлхий дахинд энэ өдөр төрсөн таван сая гаруй хүн байжээ.
8. Дэлхийн олон улсад энэ өдрийг азтай, азгүй гэж янз бүрээр үзэн сонирхолтой, этгээд заншилтай болсон байдаг. Тухайлбал, 1288 оноос Ирландад эмэгтэйчүүд улаан бошинз өмсөж байгаад эрэгтэйдээ гэрлэх санал тавьдаг болжээ. Мөн Шотландад ийм уламжлал байдаг. Харин Грект энэ өдөр гэрлэхэд азгүйтдэг гэж үзэх ба өндөр жилд гэрлэлтээ цуцлуулбал хэзээ ч аз жаргалтай амьдардаггүй гэж үзэх мухар сүсэг бий.
9. Эртний Ромд хоёрдугаар сарыг үхэлтэй холбож ойлгодог байсан бөгөөд энэ нь одоогийн Италид нэгэн адил. Тус улсад “Өндөр жилд эмэгтэйчүүд эмх журамгүй, таамаглашгүй болдог” гэсэн зүйр үг байдаг аж. Мөн Рэггио Эмиля мужид нь “Халимны жил” хэмээн нэрлэдэг бөгөөд халим зөвхөн өндөр жилд төрдөг гэж үздэг байна.
10. Тайваньд охид гахайн туруугаар хоол хийж өндөр настай эцэг, эхдээ сайхан амьдрал, урт удаан нас ерөөн барьдаг бол Хятадад хүүхдүүд аав, ээждээ бэлэг өгдөг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.