Пусанд монгол кино гаргана
Чихэнд чимэгтэй
2024-02-29
Өмнөд Солонгосын Пусан хотын кино ордонд гуравдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол киноны өдөрлөг болно. Энэ өдрүүдэд найруулагч Б.Амарсайханы “Монгол”, Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй” зэрэг киног толилуулж, нийт 11 удаагийн үзвэрийг нээлттэйгээр зохион байгуулах ажээ. Тус арга хэмжээг Монголын Кино урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын "Ханнарэ" соёлын сан, Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжин ажиллана. Сонирхуулахад, Пусан хотын кино ордон нь 150 сая ам.долларын өртөгөөр боссон бөгөөд архитектурын шийдлээрээ онцгой барилга ажээ. 54.335 м2 талбай бүхий гурван барилгаас бүрдэх тус төв нь 2007 онд "The International Architecture Awards" болон "Chigago Ateneum award"-аас шагнал хүртэж байв. Улмаар 2013 оны долоодугаар сард хамгийн урт консол дээвэртэй гэдгээрээ Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Энэ төвийг Австрийн архитектур, дизайны фирм зохион бүтээсэн бол Өмнөд Солонгосын “Hanjin Heavy Industries” компани барьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.