Буриад эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах талаар манайхаас туршлага судална
Чихэнд чимэгтэй
2024-02-28
Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова тэргүүтэй эмч нарын баг энэ даваа гарагаас эхлэн манай улсад айлчилж байна. Тэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд уулзалт хийжээ. Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт Буриадын мэргэжилтнүүд монгол эмч нараас цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны талаар туршлага судалж, Нэгдүгээр эмнэлэгт дадлага хийх талаар тэмдэглэжээ. Харин Буриадын эмч нар элэгний Д вирусийг эмчилсэн туршлагаасаа манай эмч нарт хуваалцаж, эмнэлэгтээ ийм өвчтэй иргэдийг хүлээн авахаар болсон юм. Сонирхуулахад, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх нутагшуулж 200 гаруй элэг шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос, 2011 оноос донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж ирсэн.
Буриадын эмч нар манай оронд ирсэн нь ганц энэ удаагийнх биш юм. Тэд өмнө нь хоёр удаа ирж, Монголын эмнэлгээс туршлага судалж, дадлага хийж байжээ. Тиймдээ ч нэгдсэн эмнэлэгээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлэн 8 удаагийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын ард амжилттай гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.