"MCS групп" малчдад тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-22
Ж.Оджаргал захиралтай "Эм-Си-Эс групп" компани хаваржилт хүндэрсэн аймгуудад 1.1 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ. Компани 500 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэн өгсөн бөгөөд группийн хөрөнгө оруулалттай компаниуд 600 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээр малчдад туслахаар болжээ. Тухайлбал, "Энержи Ресурс" компани Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээл, эд материал, хүн хүч болон техникийн туслалцааг үзүүлж байна. "Энержи Ресурс" компанийн хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" компани Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдын малчдад 120 сая төгрөгийн өвс, тэжээлийг түгээж эхэлжээ. Харин "Юнител" компани 150 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлгөөнт интернэт, мессэжний үйлчилгээг Онцгой байдлын ерөнхий газрын 21 аймгийн 2800 гаруй ажилтанд гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй олгохоор боллоо. Цас зудын улмаас малын хорогдол өмнөх долоо хоногт 667 мянга байсан бол өчигдрийн байдлаар нэг сая 552 мянгад хүрч огцом өсчээ. Малчдад туслах арга хэмжээнд хувийн компаниуд оролцож байгаад ОБЕГ-ын удирдлага талархал илэрхийлээд, тусламжийн зарцуулалт, хуваарилалтыг ил тод зарлахаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.