Монгол бөхөнгийн тоо толгой 15 мянга болжээ
Чихэнд чимэгтэй
2024-02-16
Узбекистаны нийслэл Самарканд хотноо болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын салбар хуралдаанд Монголын судлаач Б.Бүүвэйбаатар илтгэл тавьжээ. Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх уг илтгэлд монгол бөхөнгийн тоо толгой 2018 оноос 2023 оны хооронд 3391-өөс 15540 болж өссөн тухай онцлон дурдсан байна. Харин судлаач С.Болорцэцэг бөхөнгийн хууль бус худалдааг таслан зогсоох талаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулсан талаараа илтгэл тавьжээ. Мөн хуралд оролцсон Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн залуу судлаач Ч.Баярмаагийн 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгааны ажил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлаар үнэлэгдэж тэтгэлэгт шагнал авчээ. Харин “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналыг Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар хүртэв. Монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас хорогдож 2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байв. Тэгвэл Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгойг 8500 гэж үзсэн юм.
Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач Ч.Баярмаа
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.