Монгол улс "SpaceX" компанитай хамтран хиймэл дагуул хөөргөнө
Чихэнд чимэгтэй
2024-02-13
Монгол улсын Засгийн газар болон “SpaceX” компани хоорондын албан ёсны хамтын ажиллагаа 2023 оны хоёрдугаар сард Барселон хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэс эхлэлтэй билээ. Улмаар Монгол улс өнгөрсөн оны долдугаар сард “SpaceX” компанид сансрын бага тойрог замд хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх хоёр лиценз олгосон юм. Тэгвэл одоо талууд Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр хэлэлцэж байгааг "Routers" агентлаг мэдээллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ сарын 7-ний өдөр АНУ-ын Калифорнид "SpaceX" компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзалт хийжээ. Энэ үеэрээ талууд "Starlink" Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг энэ сарын 26-ны өдөр Испанийн Барселона хотноо хийхээр тохирсон бөгөөд сайд Н.Учрал хамтын ажиллагааны талаар “Өргөн уудам нутагт амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ болон бусад бүх интернеттэй холбогдох шинэ боломжуудыг нээж, мэдээллийн хүртээмжийг сайжруулна” хэмээн ярьжээ. Францын “Thales Alenia Space” компанийн бүтээж буй Монголын анхны хиймэл дагуул нь интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед авах хариу арга хэмжээг илүү үр дүнтэй болгох, байгаль орчны хяналт, нөөцийн менежментийг сайжруулах замаар байгаль хамгаалахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн шинжлэх ухааны судалгаа, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.