Хатан хаан Мэригийн хүүхэлдэйн байшин дотор юу юу байдаг вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-01-29
Английн хатан хаан Мэри буюу III Чарльз хааны эмээгийн хүүхэлдэйн байшин доторхыг Виндзорын ордонд танилцуулж байна. Хүүхэлдэйн байшинг бүтээсний 100 жилийн ой тохиож буй учир ийн олон нийтэд дэлгэж байгаа ажээ. Дотор нь жижиг төгөлдөр хуур, хааны титэм, тоос сорогч буй энэ байшин хүн төрөлхтний хэрэглээнд цахилгаан, цэвэр усны шугам нэвтэрсэн үеийн бүтээл юм. Тодруулбал, Дэлхийн I дайны дараа V Жорж хааны хатан, бичил эд зүйлд дуртайгаараа алдартай Мэрид ирсэн бэлэг юм. Дэлхийд хамгийн алдартай, хамгийн том энэ хүүхэлдэйн байшинг бүтээх ажил 1921 онд эхлээд гурван жил үргэлжилжээ. Байшин дотор хаан, хатны тансаг чимэглэлтэй унтлагын өрөө, цэцэрлэг, улаан хилэн бүрээстэй хос мөнгөн сэнтий, зоог барих өрөө, гантиг хийцтэй үүдний танхим байна. Эдвард хааны үеийн ордныг дуурайлган бүтээсэн жижиг байшин дотор буй хааны титмийг жинхэнэ алмааз, индраанил, маргад, бадмаараг, сувдаар хийжээ. Мөн байшин дотор Зингерийн оёдлын машин, иртэй хайч, хааны дүрстэй зоосоор хийсэн зэс данх, номын сан бий. Номын санд тухайн үеийн алдартай зохиолчдын 170 гаруй роман байдаг аж. Түүнчлэн дарсны агуулахад нь лонхтой виски, төрөл бүрийн дарс, тэр дундаа оргилуун дарс хүртэл бий гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.