Монголчуудыг БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцав
Чихэнд чимэгтэй
2024-01-24
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар өнгөрөгч долоо хоногт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй албан уулзалт хийжээ. Энэ үеэрээ манай төлөөлөгчид монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар хэд хэдэн санал тавьсан байна. Тухайлбал, олон удаагийн визний шаардлагыг хангасан иргэдэд Өмнөд Солонгосын Элчин сайдын яамнаас 7-14 хоногт багтаан визийн хүсэлтийн хариуг нь өгөх, хүчин төгөлдөр визтэй иргэдийг Өмнөд Солонгосын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог багасгах, тус улсад хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг "Өршөөлийн аян"-д хамруулан нутаг буцаах, түүнчлэн сайн дураар орхин гарсан тохиолдолд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болох баталгаа өгөх асуудлаар санал солилцжээ. Харин Өмнөд Солонгосын Цагаачлалын албаны дарга дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Мөн тус улсад зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэхийг хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Дашрамд дурдахад, тус улсад амьдарч буй 54000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа юм. Харин 2023 онд 20000 гаруй монгол иргэн хууль бусаар оршин сууж байсан бол энэ тоо 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 18000 гаруй болж буурсан хэмээн ГИХГ-аас мэдээллээ.
.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.