Манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-24
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Их Британи улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар өчигдөр хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр уулзаж ярилцлаа. Тэд энэ үеэрээ хоёр улсын засгийн газар хоорондын "Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-т шинээр гарын үсэг зуржээ. Учир нь уг хэлэлцээрийг хоёр улс 2000 оны 3 дугаар сарын 1-нд байгуулж байсан бөгөөд Их Британи улс Европын Холбооноос гарсантай холбогдуулан шинэчлэн байгуулах шаардлагатай болсон юм. Хэлэлцээрээр манай улс Их Британи руу шууд нислэг үйлдэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хэлэлцээрт “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт болон буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг заалтууд шинээр нэмэгдсэн байна. Мөн нисэхийн аюулгүй байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд тухай заалтуудыг тусгажээ. Ингэснээр хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр боллоо. Манай улс ингэснээр нийт дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэхээр болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.