images

Баянхонгор аймагт ингэний хуурай сүү үйлдвэрлэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-24


   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт баригдсан ингэний сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ гаргажээ. Энэ нь туршилтын үйлдвэрлэл бөгөөд орон нутгийн малчдаас нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч байгаа ажээ. Цаашид илүү өндөр үнээр авах боломжтой бөгөөд зуны улирлаас сүүний олдоц сайн үед 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймагт өдөрт 4 тн шингэн сүүг хатааж, 360 кг хуурай сүү боловсруулан зах зээлд нийлүүлэх гэнэ. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй 3713 м.кв талбайн 409 м.кв нь ингэний сүүний үйлдвэр агаад хүлээн авах, бэлтгэх, хатаах, савлах, уур үүсгэх, дотоод хяналтын лаборатори гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа ажээ. Баянхонгор аймаг 2021 онд “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм.

  Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтой. Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллароор үнэлэгдэж байна. Тус үйлдвэр эхний ээлжид БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын холбооны улс орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүгээ гаргах судалгаа хийж байгаа аж. Мөн АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлт ирүүлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.