Монголын циркчид Будапештийн олон улсын наадмаас алт, хүрэл медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-01-17
Унгарын Будапешт хотод энэ сарын 10-15-нд болсон 15 дахь удаагийн олон улсын циркийн наадмын дүн даваа гарагт гарч Монголын “Зола & Брос” циркийн “Есөн өрлөг” акробатын хамтлаг алт, “Angels” акробат, уран нугаралтын төвийн уран нугараач охид нум сумтай үзүүлбэрээр хүрэл медалийн эзэн боллоо. Харин Хятадын үндэсний циркийн дугуйтай акробатын хамтлаг алтан медаль болон "Гран при" шагналыг авсан байна. Тус тэмцээн "Гран при" шагналтан нэг, алтан медальтан хоёр, мөнгөн медальтан гурав, хүрэл медальтан дөрвийг шалгаруулсан бөгөөд хоёр, гуравдугаар байрын шагналыг Монгол, Итали, Оросын уран бүтээлчид авчээ.
1996 оноос эхтэй дэлхийн хамгийн нэр хүндтэй циркийн уралдаануудын нэг болох уг наадамд хорь гаруй орны зуу гаруй циркчин 50 уран бүтээлээр өрсөлдсөн байна. Тус тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буйгаараа онцлог юм. Энэ наадмын талаар “Зола & Брос” циркийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Золбаясгалан нүүр номдоо “Тэмцээний зохион байгуулалт гайхалтай байлаа. Нээлтийн үйл ажиллагаа, улаан хивсний ёслолд “Hammer”, “Limousine” машин хөлөглөж ирлээ. Сэтгүүлчид ярилцлага авч, энэ тэндээс зураг дараад “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа Холливүүдын жүжигчид шиг л байлаа. Монголын циркийн уран бүтээлчид дэлхийн бусад оронд ийм л нэр хүндтэй байдаг. Гэтэл эх орондоо үнэлэгдэх нь бүү хэл бэлтгэл сургуулилт хийх, тогтмол тоглолт хийх байргүй. Хүндэтгэл байгаа газарт бид байна” хэмээн бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.