images

125 хүний амийг аварсан нохой тэтгэвэртээ гарч хөдөө "суурьшив"

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-17


   Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Нийслэлийн аврах ангид таван жил үүрэг гүйцэтгэхдээ 490 удаагийн дуудлагад очиж, 125 хүний амийг аварсан нохой тэтгэвэртээ гарчээ. Ченжи хэмээх нэртэй герман хоньч үүлдрийн уг нохой 2019 оноос тус ангид томилогдон ажиллажээ. Ченжи нэг настай, цагдаагийн албаны нохой байхдаа ОБЕГ-ын ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы удирдлага дор эрэлч нохойн албаны сургалтыг дүүргэсэн байна. Албаны нохдыг 5-6 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг бөгөөд Ченжи өнгөрсөн оны 12 дугаар сард тэтгэвэрт гарч, одоо хөдөө амарч байгаа юм. Ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан ОБЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн албан ёсны сайтад ярихдаа "Ченжи миний сургасан анхны нохой. Анхандаа дүрэмт хувцастай хүн рүү огт дайрахгүй хэрнээ энгийн иргэн, хонь мал руу дайрдаг араатанлаг зантай байв. Түүнийг нийгэмшүүлэх хүндрэлтэй байсан ч өнгөрсөн хугацаанд бид сайн хамтран зүтгэгч, анд нөхөд болцгоосон. Нохой маань үер ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг. Уяулах дургүй, сул, өөрийнхөөрөө байхдаа сэргэлэн цовоо байдаг. Ихэнх нохой эзэнтэйгээ санал нийлэхгүй үедээ ульж, эвшээдэг бол Ченжи дургүйгээ хүрвэл шууд хаяад явчихдаг. Тайвширсан үедээ юу ч болоогүй юм шиг эргээд уулздаг" хэмээжээ. Ченжи нохой албанд зүтгэх хугацаандаа Туул голын дагуу завьт эргүүлийн багт үүрэг гүйцэтгэж явахдаа живж байсан 47 хүнийг хамтрагчийнхаа хамтаар авран эсэн мэнд гаргаж байжээ. Мөн 2021 онд урсгал усны дадлага сургуулилт хийх явцдаа Гачуурт орчмын Туул голд живж байсан долоодугаар ангийн сурагч хөвгүүнийг бие даан аварч байсан гэнэ. Сонирхуулахад, Нийслэлийн аврах анги 2019 оны 10 дугаар сараас аврагч нохойг сурган албанд ашиглаж эхэлжээ. Тус ангид Ченжи нохойтой хамт Бади дуудлагатай лабрадор үүлдрийн аврагч нохой үүрэг гүйцэтгэж байжээ.

Гэрэл зургийг: Онцгой байдлын ерөнхий газар.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.