Монгол сийлбэрч Хятадын цас мөсний наадмаас хоёр шагнал авлаа
Чихэнд чимэгтэй
2024-01-16
Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотноо өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн 29 дэх удаагийн олон улсын цас мөсний наадмаас монгол сийлбэрч хоёр шагнал авлаа. Тус наадмын хүрээнд зохион байгуулагддаг олон улсын уралдааны цасан баримлын төрөлд “Mongol Art Gallery” студийн уран бүтээлч, сийлбэрчин Ч.Тогтохбаяр дэд байр, мөсөн баримлын төрөлд тусгай байрын шагнал хүртжээ. Монгол уран бүтээлчид тус уралдаанд 10 гаруй жилийн өмнөөс тогтмол оролцож эхэлсэн бөгөөд удаа дараа шагналт байранд шалгарч байв. Тухайлбал, 2016 оны наадамд Монголын залуус 1, 2, 3 дугаар байр эзэлсэн бол 2020 оны наадамд тэргүүлж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат, СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, уран сийлбэрч мэргэжлээр төгссөн Ч.Тогтохбаяр хоёр шагнал хүртэв. Энэ наадам ирэх хоёрдугаар сард дуусна.
Дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг цас болон мөсөн урлалын наадмууд дундаас Японы Саппорогийн цасны наадам, Норвегийн цанын наадам, Канадын Квэбэкийн өвлийн багт наадам болон Харбины наадам хамгийн томд тооцогддог. Ялангуяа хүйтэн өвөл болдгийн улмаас Харбин хотыг Мөсөн хот ч хэмээдэг билээ. Тиймээс энэ хотод 1963 оноос хойш цас, мөсөн урлалын олон улсын наадмыг зохион байгуулж иржээ. Энэ наадмын үеэр мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана чарганы тэмцээн, мөсний загасчлал, цас мөсний сэдэвт киноны фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу бүжгийн үзүүлбэр, мөсөн дээрх хуримын ёслол, цанаар гулгалт, өвлийн усанд сэлэлт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог.
Гэрэл зургийг: "Bold Boldbaatar" Фейсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.