images

Ши Жиньпин америк найзынхаа амьдардаг хотын сурагчдыг Хятадад урилаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-16


   Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны 11 дүгээр сард хуучны найз, АНУ-ын Айова мужийн Маскатин хотод амьдардаг Сара Лэндтэй уулзаж оройн зоог барихдаа хоёр улсын иргэд хоорондын солилцооны тухай ярилцсан билээ. Ши ялангуяа залуучуудын солилцоог хэрэгжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлж “Манай улс 50 мянган америк залууг ирэх таван жилд сургалтын хөтөлбөр, солилцооны журмаар урихад бэлэн байна” гэсэн юм. Тэгвэл С.Лэнд саяхан Ши Жиньпинд ирүүлсэн захидалдаа "Манай Маскатин хотын ахлах сургууль энэ хөтөлбөрт хамрагдана гэдэгт итгэж байна" гэсэн бол Ши Жиньпин нэгдүгээр сарын 4-нд хариу бичихдээ “Маскатины сурагчдыг энэ хөтөлбөрт нэгдэхийг урья” гэжээ. Мөн тэрбээр Хятад-Америкийн харилцаанд хоёр орны иргэдийн холбоо чухал гэдгийг онцлоод "АНУ-ын залуус Хятадад ирж өөрийн нүдээр манай орныг үзээд хоёр орны иргэдийг холбох гүүр болно гэдэгт итгэж байна" гэв. Харин С.Лэнд "China Daily" сонинд өгсөн ярилцлагадаа “Хятад-Америкийн сурагч солилцоонд оролцох залуучууд хоёр орны иргэдийн дипломат харилцааг бий болгоно” гэсэн байна. С.Лэнд, Ши Жинпинь хоёр 1985 онд танилцжээ. Тэр үед Хэбэй мужийн Жэндин хошууны коммунист намын нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Маскатин хотод айлчилсан бол айлчлалын зохион байгуулагч нь С.Лэнд байв. Үүнээс хойш тэд захидлаар харилцаж байгаад 2012 онд дэд ерөнхийлөгч Ши Жиньпиныг АНУ-д дахин айлчлахад хоёр дахиа уулзсан төдийгүй С.Лэндийн гэрт зочилж байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.