images

Сансарт таван сар болсон төмсний үрийг Өвөр Монголд ургуулж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-16


   Хятадын эрдэмтэд сансарт аваачиж таван сар байлгаад буцаан эх дэлхийд авчирсан 66500 мянган ширхэг төмсний үрийг ургуулж, онцгой чанартай ургац гарна гэсэн найдвар тавин нарийвчлан судалж байна. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд сансрын станцаас "Shenzhou 16” сансрын хөлгийн багийнхны эх дэлхийд авчирсан төмсний үрийг Өвөр Монголын Улаанцав хотын Шанду төмсний технологийн инновацийн төвд судалж байгаа аж. Ингэхдээ лаборатори, хүлэмж, тариалангийн талбайд суулган тариалах туршилт хийж байна. Юуны өмнө үрийг хүлэмжийн нөхцөлд саванд суулгаж булцуулсных нь дараа шинж чанарыг нь илүү нарийн судлахын тулд тариалангийн талбайд шилжүүлэн суулгаж байгаа юм. Харин Өвөр Монголыг сонгосны учир нь тус бүс нутаг өндөрлөг, хүйтэн цаг агаартай, хортон шавьж цөөтэй, өвчингүй учраас төмс тариалах хамгийн боломжит газар гэж үзжээ. Энэ тухай инновацийн төвийн захирал Жан Линхай "Төмсний тав орчим хувийг ургац, өвчинд тэсвэртэй байдал зэрэг хүчин зүйлүүдэд нь анхаарч нэмэлт туршилт хийхэд ашиглана" гэжээ. Тус улс 1987 оноос сансрын мутагенецийн аргыг нэвтрүүлж, будаа, үр тариа, улаан лооль зэрэг төрөл бүрийн ургамлын дээжийг нисгэгчтэй сансрын хөлгөөр сансарт илгээн буцааж авчруулсны дараа тариалан, үр шимийг нь нэмэгдүүлж байна. Учир нь, сансрын орчин ургамлын үрийн удамшлын өөрчлөлтийг өдөөн эрт боловсордог, өндөр чанартай, ургац арвинтай, өвчинд тэсвэртэй болгодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.