images

Монгол улс Узбекистанд Элчин сайдын яамаа нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-16


   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Узбекистаны нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээх тухай тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолын төслийг УИХ-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан бөгөөд Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг энэ оны төсөвт суулгажээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Монгол улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бусад улс оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана. Мөн улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тус улсад оршин сууж буй иргэдийн тоо, тэдгээрийн хооронд зорчих иргэдийн тоог харгалзан дипломат төлөөлөгчийн газрын байршил, бүтэц, тоог оновчтой болгоно" гэж тусгасан байдаг. Тэгвэл бүс нутгийнхаа хамгийн том зах зээл гэж тооцогддог 35 сая хүн амтай Узбекистан улсад ийнхүү манай улсын Элчин сайдын яам нээгдэх болж байна. Узбекистан нь Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд эрүүл органик хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой орон бөгөөд Төв Азийн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүлдэг улс юм. Тиймээс энэхүү үйл явдал нь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг бүс нутагтаа сурталчлах, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортод хамтран ажиллахад дөхөм болж байна.

   Монгол улс анх 1977 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод консулын газар нээн ажиллуулж байсан. Улмаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм. Гэвч Консулын газрыг 1994 онд татан буулгаж байв.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.