images

Япон: 107 настай эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай үсчин боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-10


   Зүүн Японы нэгэн тосгонд амьдардаг 107 настай Шицүи Хакоиши дэлхийн хамгийн өндөр настай үсчин болсныг "Mainichi" сонин мэдээллээ. Түүнд энэ батламжийг АНУ-ын Флорида мужид төвтэй “LongeviQuest” компанийн захирал Бэн Мэйэрс нэгдүгээр сарын 7-нд гардуулан өгсөн байна. 2022 оны тавдугаар сард үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө тус компани 15 жилийн турш дэлхий даяарх 100-гаас дээш настай хүмүүсийг баталгаажуулж иржээ. Компани өмнө нь Японы хамгийн өндөр настан байгаад өнгөрөгч сард таалал төгссөн Фүса Тацүми, хоёул зуу гарч насалж насалснаар нийлбэр нь 227-д хүрсэн эгч дүүст "Японы хамгийн өндөр настай иргэн" болон "Японы хамгийн өндөр настай эгч дүүс" гэсэн батламж өгч байсан аж. Үсчин Ш.Хакоиши нь өнөөг хүртэл тосгондоо үсчний газраа ажиллуулан сард таван хүний үс засч байна. Тэрбээр 14 настайдаа Токиод очиж үсчний сургалтад суугаад тэндээ амьдрал зохиож нөхрөө дайнд явсны дараа Хоккайдо мужийн Камикава хотын Накагава дахь тосгондоо хоёр хүүхдийнхээ хамт иржээ. Гэвч нөхөр нь дайнд үрэгдсэн байна. Иймээс Ш.Хакоиши нөхрийнхөө "Хүүхдүүдээ сайн өсгөөрэй" гэсэн захиасыг санан явсаар дайн дууссанаас найман жилийн дараа 1953 онд үсчний газар нээжээ. Түүнийг ийнхүү 70 жил тууштай үсчнээр ажиллаж байгаа тул залуучуудад зөвлөгөө өгөхийг хүсэхэд "Энэ хэцүү ч гэлээ би ганцхан зорилгын төлөө ажиллаж ирсэн. Тэр бол үс л засах. Тиймээс би залуучуудыг ямар ч эргэлзээгүйгээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж итгэдэг" хэмээжээ. Ш.Хакоиши 1916 оны луу жилд төрсөн, энэ 2024 онд жил нь орж байгаа хүн юм. Тэрбээр "Дэлхийн хамгийн өндөр настай үсчин" гэсэн батламжийг баглаа цэцгийн хамт хүлээн аваад “Би үүнээс илүү баярлаж үзээгүй, надад хэлэх үг олдохгүй байна” гэжээ. Мөн шагнал гардуулж өгсөн Б.Мэйэрсийн үсийг засаж өгөхдөө "Америк хүний үсийг засаж байгаадаа үнэхээр баяртай байна, яг л мөрөөдөл биелэх шиг. Цаашид ч би ажилдаа хамаг хүчээ дайчилна" гэсэн байна.

Ш.Хакоиши өөрт нь батламж өгсөн Бэн Мэйэрсийн үсийг засаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.