АНУ 51 жилийн дараа сар луу судалгааны аппарат илгээлээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-09
АНУ-ын "United Launch Alliance" компани “Cert-1” гэж нэрлэсэн анхны туршилтын нислэгээ даваа гарагийн үүрээр сар луу үйлдлээ. Уг нислэгээр “Peregrine” судалгааны аппаратыг сар луу илгээж буй бөгөөд аппаратыг “Cape Canaveral” сансрын буудлаас “Vulcan” пуужингаар хөөргөсөн юм. 61 метр урттай уг пуужингийн хоёр гол хөдөлгүүрийг Жэфф Безосын “Blue Origin” компанид үйлдвэрлэжээ. Нислэг эхэлснээс нэг цаг орчмын дараа аппарат пуужингаас амжилттай салсан байна. “Peregrine” судалгааны аппарат төлөвлөгөөний дагуу саран дээр сарын дараа буух бөгөөд үр дүн нь НАСА-д чухал юм. Учир нь, сарыг судлах “Artemis” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр АНУ 51 жилийн дараа дахин саран дээр буухаар төлөвлөж буй нь энэ юм. Тодруулбал, НАСА энэ ондоо багтаан дөрвөн нисгэгчийг сар луу илгээх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар зөвхөн АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг улс саран дээр төхөөрөмжөө буулган судалгаа хийгээд байна. АНУ нь Грекийн домгийн бурхад болох Зевс, Лето нарын ихэр хүүхдийн өрөөсөн болох Аполлогийн нэрээр нэрлэсэн сарыг судлах төслийг 50 жилийн өмнө амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ төслийн хамгийн сүүлийн даалгаврыг 1972 оны 12 дугаар сард гүйцэтгэж, “Apollo 17” хөлгийн хоёр сансрын нисгэгч саран дээр алхсан 11, 12 дахь хүн болсон билээ. Гэвч үүнээс хойш 51 жил өнгөрөхөд сарыг судлах ажлыг эрчимтэй хийхгүй байсаар 2022 оны 11 дүгээр сараас “Artemis” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.