images

"The Japan Times": Тэрүнофүжи зодог тайлах дөхсөн энэ үед шинэ ёкозүна төрөхийг хүлээж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-08


    Японы "The Japan Times” сонин "Тэрүнофүжи зодог тайлах дөхсөн энэ үед шинэ ёкозүна төрөхийг хүлээж байна" хэмээх нийтлэл гаргажээ. Саяхан Монгол улсын Гавьяат тамирчин болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна цолтой бөх юм. Гэвч тэрбээр хүнд гэмтлийн улмаас өнгөрсөн оны зургаан башёгийн ганцад буюу тавдугаар сарын Нацү башёд барилдаж түрүүлсэн. Нийт найман башёд түрүүлэн эзэн хааны цом хүртсэн Г.Ган-Эрдэнэ сүүлд түрүүлсэн башёдаа 14 удаа давж, нэг өвдөг шороодсон юм. Энэ нь 2021 оны есдүгээр сард ёкозүна цол хүртсэнээс хойшх зургаа дахь удаагийн башё болжээ. Мэргэжлийн сүмо бөхөд 2011 онд барилдаж эхлээд 2015 оны долоодугаар сард оозэки цол хүртсэн тэрбээр өдгөө 32 настай. Гэвч хоёр өвдгөө хүнд гэмтээсэн тул 2022 оны аравдугаар сард өвдөгний мэс засал хийлгэснээс гадна чихрийн шижин өвчнөө эмчилж байгаа юм. Гэхдээ тэрбээр ёкозүна болсноосоо хойш хүч үзсэн зургаан башёгийнхоо дөрөвд түрүүлсэн билээ. Хэдий тийм ч эрүүл мэндийн шалтгаанаар олон удаа башё алгасаж байгаа нь түүнийг зодог тайлуулах шалтгаан болж байна. Харин Тэрүнофүжи зодог тайлах тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд өнгөрөгч сард болсон Мэргэжлийн сүмогийн холбооны шинэ жилийн баярын уулзалтад оролцохынхоо өмнө бэлтгэлийнхээ талаар сэтгүүлчдийн асуултад "Би юу чадахаа хийсээр байгаа" хэмээн хариулжээ. Одоогийн байдлаар Мэргэжлийн сүмогийн холбоо оозэки Киришима, Такакэйшо, Хоошёорюү нарын дундаас шинэ ёкозүна төрнө хэмээн найдаж байна. Энэ гурван оозэки цолтны хоёр нь монгол бөх бол Такакэйшо нь япон хүн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.