Хойд Солонгосын удирдагч Японд эмгэнэл илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-08
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы Ерөнхий сайд Фүмио Кишидад болон Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас хохирогчдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн талаар KCNA агентлаг бямба гарагт мэдээллээ. Тэрбээр баасан гарагт Япон улсад илгээсэн эмгэнэлдээ “Гамшигт өртсөн иргэд аль болох хурдан урьдын тогтвортой амьдралаа сэргээнэ хэмээн гүнээ итгэж байна” гэжээ. Түүний энэ үйлдлийг хоёр улсын харилцаанд ховор тохиох үзэгдэл гэж үзэж буй бөгөөд Ким Жон Унаас анх удаа Ф.Кишидад цахилгаан ирүүлсэн нь энэ болов. Энэ талаар Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши бямба гарагт Токиод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Хойд Солонгосын удирдагч эмгэнэлийн цахилгаан илгээсэнд талархаж буйгаа илэрхийлээд түүнийг 2011 онд Японы зүүн хойд хэсэгт буюу Фүкүшимад болсон газар хөдлөлт, цунамиг оруулаад сүүлийн жилүүдэд тохиосон гамшигт үйл явдлуудын дараа огт эмгэнэл илгээж байгаагүйг нотолсон байна. Гэхдээ 2011 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил тус улсыг дэмжигч Японд оршин суудаг, гамшигт өртсөн солонгос иргэдэд 500 мянган долларын тусламж илгээж, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны тэргүүн Ким Ён Нам тэрхүү иргэдэд эмгэнэл илэрхийлжээ. Тэгвэл энэ удаа Япон улсын Засгийн газар аврах, эрэн хайх ажилд гол анхаарлаа хандуулж буй тул гадаад орны төрийн тэргүүнүүдээс ирсэн эмгэнэлд хараахан хариу өгөөгүй байгааг Ё.Хаяши мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.