images

Япон: Таван өдрийн дараа нуранги дороос 90 настай эмэгтэйг оллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Японы Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сүзү хот дахь гэрийнхээ нурангид таван өдөр даруулсан 90 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Аврагчид түүнийг бямба гарагт олж эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмэгтэй бусадтай хэвийн ярих чадвартай байгааа талаар NHK телевиз мэдээллээ. Орон нутгийн телевизийн бичлэгт аврагчид настныг нуранги дор байгааг олж мэдчихээд “Түр хүлээгээрэй, бүх зүйл сайхан болно” хэмээн хашгирч байгаа нь бичигдэн үлдсэн байна. Энэ мэдээллийг AFP агентлагийнхан Японы Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, аврагчид Токио, Фүкүока хотын цагдаагийн алба хаагчид байжээ. Ням гарагийн байдлаар Японд байгалийн гамшгийн улмаас 128 хүн нас барсан байна. Харин ор сураггүй болсон 222 хүнийг эрэн хайж байгаа юм. Гэвч тус мужид цас унаж, цасан шуурга болсноор гамшигт өртсөн иргэдийг эрэн хайхад хүндрэлтэй болжээ. Цаг агаар хүйтэрсэн энэ үед 404 хорогдох байранд 28800 хүн амьдарч байна. Мөн Ишикава мужид 20700 өрх эрчим хүчгүй байгаа юм. Ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр “Бидний эн тэргүүний зорилго бол нурангид дарагдсан иргэдийг гаргаж, замын эвдрэл, хөрсний гулгалтын улмаас тусгаарлагдсан иргэдэд хүрэх явдал” гэжээ. Одоогийн байдлаар тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа жижиг хойгт амьдардаг иргэдэд тусламж үзүүлэхээр цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг илгээгээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.