images

Хятадын BYD компани цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани 2023 оны дөрөвдүгээр улиралд 526409 тээврийн хэрэгсэл худалдаж дэлхийд цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлжээ. Тодруулбал, тус компани ижил хугацаанд “Tesla” компаниас даруй 42 мянган автомашин илүү борлуулсан байна. Мөн жилийн нийт дүнгээрээ 3.02 сая автомашин боруулжээ. Үүний 1.6 сая нь дан цахилгаан хөдөлгүүртэй байсан бөгөөд энэ төрлийн автомашины борлуулалт нь өмнөх оныхоос 73 хувиар нэмэгдсэн байна. Харин хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт нь 52 хувиар нэмэгдэж 1.4 саяд хүрсэн юм. Тус компанийн хамгийн борлуулалт сайтай загвар нь дунд оврын тэрэг бөгөөд залуу хэрэглэгчид түлхүү худалдан авсан байна. Мөн зах зээлийн шинжээчид ухаалаг, загварлаг цахилгаан автомашинууд 20-40 насныхны унаа болж буйг онцлов. Тэгвэл Хятадад BYD автомашины үнэ 100-200 мянган юань. Түүнчлэн өмнөд хөршид дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчид байхаас гадна хамгийн том зах зээл болдог. Тухайлбал, өнгөрөгч оны есдүгээр сарын байдлаар тус улсад 18 сая цахилгаан автомашин зорчиж байсан нь дэлхийн улсууд дахь нийт цахилгаан автомашины тал хувиас их аж. Тэгвэл 1995 онд байгуулагдсан BYD компани 2004 онд Бээжингийн олон улсын авто үзэсгэлэн дээр анхны цахилгаан автомашинаа танилцуулж байжээ. Энэ тухай компанийн захирал, тэрбумтан Ван Чуанфу “Тухайн үед уламжлалт тээврийн хэрэгслээс ондоо шинэ цахилгаан автомашин бүтээх бидний төлөвлөгөөнд хэн ч итгээгүй. Гэхдээ бид байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр уламжлалт тээврийн хэрэгсэл зах зээлээс шахагдана гэсэн өөрсдийн төсөөлөлдөө итгэлтэй байсан” хэмээн ярилаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.