Кангвон: Залуучуудын өвлийн Олимпод манай 12 тамирчин оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-01-05
Өмнөд Солонгосын Кангвон хотод энэ сарын 19-нд эхлэх Залуучуудын өвлийн V Олимпод манай улсаас 12 тамирчин өрсөлдөх эрхээ авчээ. Монголын цанын холбоо болон Монголын биатлоны холбооны хамтарсан шийдвэрийн дагуу тэдгээр тамирчдад наадамд оролцох эрхийг олгосон бөгөөд тэд зургаан дасгалжуулагчтайгаар Өмнөд Солонгосыг зорино. Тухайлбал, гүйлтийн цанын төрөлд А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Н.Нандинцэцэг, Ж.Уянга нар уралдах бол биатлоны төрөлд О.Оюуцолмон, Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа уралдах юм. Харин уулын цанын төрөлд Х.Халиун, М.Манлайжав нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна. Тэгвэл наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, Олимпын эрх авах цуврал тэмцээний зардалд манай улсаас нийт 447 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Кангвоны наадамд нийт 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөж хоёрдугаар сарын 2-нд өндөрлөнө. Дашрамд дурдахад, манай улс уулын цанын төрөлд анх удаа тамирчнаа оролцуулах гэж байна. Мөн уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар Монголын багийн тугийг барих бол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдоод байна.
Гэрэл зургийг: БТУСХ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.