images

“Samsung” компанийн гар утас дээр хиймэл оюун ухааны аппликейшнүүд интернэтгүйгээр ажиллана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-04


   Өмнөд Солонгосын “Samsung” компани энэ сарын 17-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан-Хосэ хотод хэвлэлийн бага хурал хийж “Galaxy S” загварын шинэ ухаалаг гар утсаа танилцуулахаар болсноо өнөөдөр зарлалаа. Тус компани шинэ гар утсаа хиймэл оюун ухаанаар тоноглогдсон "Хамгийн ухаалаг гар утас байх болно" хэмээжээ. Учир нь тус компани гар утсандаа “Qualcomm” компанийн чипийг ашигладаг бөгөөд шинээр гаргасан “Galaxy S24, Galaxy S24+”, “Galaxy S24 Ultra” загвартаа "Qualcomm" компанийн хамгийн сүүлд буюу аравдугаар сард олон нийтэд танилцуулсан “Snapdragon Series 8 Gen 3” чипийг ашиглажээ. Энэ чип нь гар утас дээрээ хиймэл оюун ухааны аппликейшнийг шууд ашиглах боломжийг олгох буюу интернэт холболтгүйгээр “ChatGPT” зэрэг хиймэл оюун ухааны жижиг хувилбарыг ажиллуулах боломжтой аж. Уг чип нь LLM буюу олон хэлний моделиор ажиллахаас гадна хэрэглэгчийн өгсөн түлхүүр үгээр дэлгэцийн зураг бүтээх зэрэг сонирхолтой үйлдлийг хийж чадах юм. Одоогийн байдлаар “Google” компанийн “Pixel 8 Pro” гар утас нь “Gemini Nano” хиймэл оюун ухаанаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг гар утас мессежид хариу өгөх, дуут бичлэгийг бичвэрт буулгах зэрэг олон үйлдлийг хялбар хийдэг аж. Мөн ойрын хоёр гурван жилд хэрэглэгч гар утас авахдаа камер, хурд зэрэг үзүүлэлтээс илүү ямар төрлийн хиймэл оюун ухаанаар ажилладгийг анхаардаг болох гэнэ. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн их хувийг буюу 20 хувийг "Samsung", 16 хувийг “Apple” компани эзэлж байгааг судалгааны “Counterpoint Research” компани тогтоожээ. Харин АНУ-ын зах зээлд “Samsung” компани 25 хувь, “Apple” компани 53 хувийг эзэлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.