“Парис-2024” Олимпын нээлтийн жагсаал Сена мөрний усанд болно
Анд нөхдийн мэдээ
2024-01-04
Зуны спортын XXXIII наадам болох “Парис-2024” Олимпын нээлтийн ёслол 2024 оны долоодугаар сарын 26-ны өдөр болно. Энэ өдөр орон орноос ирсэн спортын төлөөлөгчид Сена мөрний дагуу "Austerlitz" гүүрнээс “Jena” гүүр хүртэлх 6 км-ийн зайд завьтай парадад жагсах ажээ. 100 жилийн дараа Олимпын нээлтийг нутагтаа хүлээн авч буй Парис хот энэ арга хэмжээгээ цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөнд хийх гэж буй нь олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ удаагийн наадамд 200 гаруй орны 10 мянга гаруй тамирчин 32 спортын төрөлд оролцож, 45 мянган сайн дурынхан арын албанд ажиллана. Зохион байгуулагчид 32 спортын төрөлд 10 сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна. Харин Паралимпын наадмын 3 сая гаруй тасалбарыг худалдаанд гаргаад байгаа ажээ. Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байдаг бөгөөд Олимпын үеэр 15 сая жуулчин Парист очно хэмээн үзжээ. Тэгвэл энэ наадамд манай улсаас дугуй, байт харваа, бокс, буудлага тус бүр нэг, чөлөөт бөхийн хоёр нийт зургаан тамирчин эрхээ аваад байгаа юм. Олимпийн наадам наймдугаар сарын 11-нд өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.