images

Дархан-Уул: Шинэ оны эхний өдөр ихэр тугал мэндэлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-03


   Дархан-Уул аймгийн Дархан суманд хосолсон фермерийн аж ахуй эрхлэгч айлд шинэ оны эхний өдөр ихэр тугал мэндэлжээ. Тодруулбал, "Улсын аварга фермер" В.Зоригоо, Г.Болор-Отгон нар энэ тухайгаа орон нутгийн DBS телевизэд ярьсан бөгөөд “Мал маллаад нэлээд хэдэн жил боллоо. Энэ хугацаанд ихэр тугал сонсож байснаас үзэж байгаагүй юм. Харин шинэ оны эхний өглөө хашаандаа орж ирээд ихэр тугал гарсныг хараад үнэхээр сайхан санагдсан” хэмээсэн байна. Тугалнуудын эх нь ихрийн удамтай бөгөөд 11 дэх удаа тугаллахдаа ийнхүү ихэрлэжээ. Мөн 15 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж буй В.Зоригоо, Г.Болор-Отгон нар долоон охин, нэг хүүтэй бөгөөд отгон охид нь ихэр ажээ.

   Манай улсад ботго, унага, хурга, ишиг зэрэг төл мал ихэрлэх нь түгээмэл байдгаас ихэр тугал гарч байсан нь ховор. 2016 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин Г.Нарангэрэлийн хотонд хоёр ихэр тугал гарч байсан бол 2015 онд тус аймгийн Батширээт сумын малчин Я.Цэрэндоржийн үнээ дөрвөн ихэр тугал гаргаж байжээ. Мөн 2022 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын малчин Д.Мөнх-Оргилын хотод ихэр тугал гарч байв. Тэгвэл энэ удаагийн ихэр тугал шинэ оны босгон дээр ихэр охидтой айлд гарсан нь өвөрмөц юм.   

Гэрэл зургийг: DBS TV

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.