images

Данийн хатан хаан 83 настай Маргрет хаан ширээнээсээ бууна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-02


   Данийн хатан хаан II Маргрет шинэ жилийн оройн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Фредерикээ хаан ор залгуулахаар болсноо зарлалаа. Тэрбээр хаан аав I Фредерикийгээ 1972 онд нас нөгчихөд хаан ширээнд сууснаар 52 жил төр барьсан байна. Ийнхүү өдгөө 83 нас хүрсэн тул нэгдүгээр сарын 14-нд албан ёсоор хаан ширээнээсээ буухаар болжээ. Энэ талаар 2023 оны эхээр мэс засал хийлгэсэн хатан хаан “Мэс заслын дараа би дараагийн үедээ үүрэг хариуцлагаа үлдээх цаг нь иржээ гэдгийг ойлгосон. Энэ цаг мөч бол хаан ширээгээ залгамжлуулахад хамгийн тохиромжтой цаг” гэж зарласан юм. Тэрбээр яг одоо төр барьж буй дэлхий дээрх цорын ганц хатан хаан бөгөөд Европ тивийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан болж байна. Түүнийг бага байхад Данийн хуулиар эмэгтэй хүүхэд угсаа залгамжилдаггүй байсан ч 13 настай байхад нь хууль өөрчлөгдөж, угсаа залгамжлах эрхтэй болжээ. Иймд 31 настайдаа хатан хаан болсон тэрбээр Их Британийн хатан хаан асан II Элизабэтээс үлгэр дуурайлал авдаг байжээ. Мөн тэрбээр Англид боловсрол эзэмшсэн бөгөөд Кэмбрижийн Гиртон коллеж, Лондоны Эдийн засгийн их сургуулийг дүүргээд 1967 онд Францын дипломатч Анри дө Лаборд дө Монпезатай гэрлэж хоёр хүүтэй болжээ. Иймд хатан хаан Маргрет 55 настай ууган хүүдээ хаан ширээгээ залгамжлуулахаар болсон байна. Хунтайж Фредерик нь Их Британийн хаан Чарльзийн адил байгальд хайртай нэгэн бөгөөд дөрвөн хүүгийн аав аж. Түүний гэргий нь Австралийн Тасманийн аралд төрж өссөн хуульч эмэгтэй юм. Ирээдүйн хатан болох гүнж Мари нь 2000 онд хааны гэр бүлийн гишүүн болсон байна. Хунтайж Фредерик төрийн эрхийг угсаа залгамжлан авснаар Данийн хаан, Грийнлэнд, Фаро арлын захирагч болно. Гэхдээ Данид хаан ширээнд залах ёслол болдоггүй уламжлалтай тул Копенхаген дахь Амалиенборг шилтгээнээс түүнийг хаан ширээнд суух болсныг зарлаад л болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.