Багийн эмч нар Хөххотод мэргэжил дээшлүүлээд ирлээ
Чихэнд чимэгтэй
2023-12-28
Хөххотод богино хугацааны сургалтад хамрагдаад ирсэн хөдөөгийн багийн эмч нарыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэдний санал бодлыг нь сонсож, цас зудын аюул, эрсдэл өндөр үед шаардлагатай анхны тусламжийн багцыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр гардуулан өгөв. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарт 1000 орчим багийн эмч нар байдаг. Тэд алслагдсан хүн ам, малчдад хамгийн ойрын туслагч байдаг. Энэ утгаараа 100 орчим хүнийг нь гадаад сургалтад хамрууллаа. Өнөөдөр 42 багийн эмч Хөххотод сургалтад хамрагдаад ирлээ. Анх удаа гадаадад олноор нь сургалтад хамруулж байгаагаар энэ үйл ажиллагаа онцлогтой. Тиймээс эмч нарыгаа хөдөө орон нутагтаа өөрсдийн ажлын байран дээр очоод ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг, оролцоогоо улам ухамсарлаж, нийгмийн эрүүл мэндийн хуулийн хүрээнд шинээр нэвтэрч байгаа арга туршлагуудыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн манай сайтад ярилаа.
Эрүүл мэндийн яамнаас 2023 онд салбарын эмч мэргэжилтнүүд, ялангуяа орон нутагт ажиллаж буй эмч, сувилагчдыг гадаадад сургалтад хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 200 сувилагч, эх баригчийг Хятад, Өмнөд Солонгос улсад богино хугацааны сургалтад хамруулжээ. Тэгвэл энэ онд үүгээр хөдөөгийн багуудад ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулж дууссан байна. Түүнчлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.