images

ОХУ: 500 мянган рублийн шагналын сантай дуулаачдын уралдаанд монголчуудыг бүртгэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-26


   ОХУ-ын "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн наадам 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 2-ны хооронд Москва хотод болно. Энэ удаагийн наадамд оролцох сонирхолтой монгол уран бүтээлчдийн бүртгэл эхэлснийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн зөвлөх Д.Цэцэгдэлгэр цахим хуудаснаа мэдээллээ. Анх Ялта хотноо 2019 онд зохион байгуулагдсан тус наадам өдгөө Крымийн хамгийн том, чухал соёлын арга хэмжээ, ОХУ-ын "Россия" төв телевизийн томоохон төслүүдийн нэг болжээ. Тус уралдаанд өнгөрөгч 2022 онд манай улсаас анх удаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуурийн дуулаачийн төгсөх дамжааны оюутан Б.Заяат шалгаран оролцож байв. Тэрбээр МУСТА В.Бүрэнжаргал, МУГЖ М.Болд, концертмейстер Б.Өнөрмаа нарын шавь бөгөөд 56 орны 900 гаруй дуучидтай эхний шатанд оролцсоноос финалд 15 орны шилдэг дуучидтай өрсөлдөж гуравдугаар байр, 500 мянган рублийн шагналын эзнээр тодорсон юм.

   Энэхүү наадмын сонгон шалгаруулалтын эхний шат цахимаар болж, шалгарсан оролцогчид хагас шигшээд өөрийн төрөлх хэл дээрх дуугаар оролцох ажээ. Хоёр дахь шатанд оролцогчдод зохион байгуулагчдаас нэг орос дууг эх хэлнээ хөрвүүлснээр дуулах даалгавар өгдөг байна. Улмаар финалын гала концерт ОХУ-ын төрийн ордон Кремлийн тайзнаа болж тус улсын тайз, дэлгэцийн алдартай дуучидтай хослон дуулдаг ажээ. Энэ жилийн наадмын шагналын сан 20 мянган евро байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.