Баян-Өлгий: УДЭТ-ын уран бүтээлчид "Тоорил хан" жүжгийг толилуулав
Чихэнд чимэгтэй
2023-12-25
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театртай хамтарч "Тоорил хан" түүхэн эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 22-24-ны өдрүүдэд М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгийн театрт толилуулжээ. Тус уран бүтээлийн ерөнхий продюсераар Ж.Нурбек, зөвлөх продюсераар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсераар Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажилласан байна. “Тоорил хан” жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичсэн бол ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч М.Батболд, зөвлөх найруулагчаар Н.Ганхуяг, Т.Тайф нар ажиллажээ. Харин Ц.Төмөрбаатар, Г.Мягмарнаран, С.Ариунбямба тэргүүтэй жүжигчид түүхэн жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна. Тоорил хан нь Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөн нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан билээ. Түүнчлэн Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд хожим Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болсон юм. Сонирхуулахад, тус жүжгийн зохиолыг зохиолч Т.Султан 80 насны босгон дээрээ бичсэн бол өдгөө 83 настай найруулагч Т.Тайф Казахстан улсаас зорин ирж зөвлөх найруулагчаар ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.