Японы сансрын нисгэгчийг анх удаа сар луу илгээж магадгүй
Анд нөхдийн мэдээ
2023-12-25
Сарыг судлах “The Artemis” хөтөлбөрийн хүрээнд Японы сансрын нисгэгчийг сар луу илгээх хэлэлцээг талууд хийж байгаа талаар “Kyodo news” агентлаг мэдээллээ. Ингэснээр анх удаа япон хүн саран дээр очиж магадгүй болжээ. АНУ өөрийн тэргүүлж буй энэ хөтөлбөрөөр 2025 он гэхэд өөрийн сансрын нисгэгчдийг сар луу илгээх бөгөөд түүний дараа 2029 онд Япон болон бусад орны нисгэгчдийг илгээх ажээ. Өөрөөр хэлбэл, “The Artemis” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжинд япон сансрын нисгэгч багтаж магадгүй байна. Энэ тухай “Хоёр улс Японы сансрын нисэгчийг саран дээр буулгах талаар ярилцаж байгаа бөгөөд ирэх сард багтаан төлөвлөгөөгөө эцэслэнэ” гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис 2029 онд АНУ болон бусад улсын сансрын нисгэгчдийг сар луу илгээх талаар мэдээлэхдээ аль улсын сансрын нисгэгчийг явуулах тухай дурдаагүй аж. Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида баасан гарагт Сансрын хөгжлийн стратегийн төв штабын хурлаар хоёр улс тус салбарын хамтын ажиллагаагаа түргэсгэхээр болсон тухай мэдээлсэн байна. Одоогийн байдлаар 1960-аад онд Нил Армстронг тэргүүтэй АНУ-ын сансрын нисгэгчид саран дээр очсон бөгөөд хэрвээ япон хүнийг дараагийн удаад авч явбал сар луу хүнээ илгээсэн хоёр дахь орон Япон болох тухай “Ёомиүри” сонин уламжлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.