images

Манай улс “Nas daily”-тэй ирэх онд дахин хамтран ажиллана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-25


   Нэг минутын дотор дэлхийн хамгийн хамгийн зүйлсийг танилцуулдаг израиль-палестин гаралтай контент бүтээгч Нусейр Ясины "Nasdaily" багийнхантай манай БОАЖЯ ирэх онд дахин хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Мөн “Nas daily” Фэйсбүүк хуудсандаа Дубай хотноо болсон “COP28” уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр Монголын Засгийн газартай хамтран ажиллах гэрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй хамт гарын үсэг зурж буй бичлэгээ бямба гарагт оруулжээ. Монгол улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй тухай дурдсан уг бичлэг одоогоор 250 мянга орчим үзэлттэй байна. Манай улс “Монголд зочлох жил"-ийг сурталчлах ажлын хүрээнд тэдний багийг энэ оны наймдугаар сард Монголд урин ирүүлж хамтран ажилласан юм. Ингэхдээ “Монгол бол эмэгтэйчүүдийн орон”, “Дэлхийн хамгийн зэлүүд нутаг”, “Чингис хаан”, “Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр”, “Хүмүүс устахаас нь өмнө аварч чадсан цор ганц амьтан бол тахь” зэрэг хэд хэдэн сэдвээр нэг минутын бичлэг хийлгэж нийгмийн сүлжээгээр түгээснийг одоогийн байдлаар нийт 90 сая орчим хүн үзжээ. Үүний 50 сая гаруйг нь зөвхөн “YouTube” платформоос үзсэн байна. Мөн Н.Ясин наймдугаар сарын 19-нд ээлжит “Nas Summit-2023” арга хэмжээгээ Монголд хийж, контент бүтээгчидтэй уулзсан юм. “Nas Daily” суваг нь “Instagram” дээр 4.4 сая, “YouTube” дээр 13 сая, “Facebook”-т 22 сая дагагчтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.