Монголын пара таэквондогийн хоёр тамирчин Олимпын эрхээ авлаа
Чихэнд чимэгтэй
2023-12-22
Энэ оны сүүлчээр Монголын пара таэквондогийн хоёр тамирчин Олимпын эрхээ авчээ. Тухайлбал, Монгол улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийн Олимпийн эрх баталгаажиж, өөрөө дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна. Тэрбээр саяхан “Бөртө чоно-2023” наадмын Паралимпын шилдэг тамирчнаар тодорсон бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, "Ханжөү-2022" Азийн наадмын аварга, 2023-2024 оны "Гран при" тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай юм. Харин У.Сүрэнжавын хувьд Ханжөүгийн Азийн наадмын мөнгөн медаль, ДАШТ-ий хүрэл медаль, "Гран-при" тэмцээний алтан медальтай бөгөөд саяхан дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн Олимпын эрхээ баталгаажуулжээ. Энэ талаар Монголын Таэквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар хэлэхдээ "Он гараад Паралимпын эрх авах эхний тэмцээн Иранд болно. Тэдгээрээс 1-2 эрх нэмж авч 3-4 тамирчинтай оролцох төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр бид нарын эрх баталгаажсан ч оноо, чансаагаа ахиулах нь чухал байдаг. Мөн ирэх оны наймдугаар сарын чансаа хүртэл бид 5-6 тэмцээнд оролцоно" гэжээ. "Парис 2024" Паралимпыг зорих тамирчдын нэрс эхний байдлаар ийнхүү тодроод байна. Бусад спортын төрлүүдэд тамирчдын албан ёсоор баталгаажсан хариу нь 2024 оны нэгдүгээр сард Олон улсын Паралимпын хорооноос ирэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.