images

Монгол улс ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын эм авах анхны 6 улсын нэг боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-21


   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн хорт хавдрын 35 нэр төрлийн эмийг Монгол улсад 2027 оныг хүртэл үнэ төлбөргүй нийлүүлэхээр болжээ. ДЭМБ-ын ангиллаарх зургаан бүс нутгаас эхний ээлжинд нэг, нэг улсыг сонгосон бөгөөд Номхон далайн баруун бүсийн 37 орноос манай улс сонгогдсон байна. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Монгол улсад зонхилон тохиолддог зургаан хорт хавдрын эмийг ЭХЭМҮТ-ийн хяналтанд байдаг хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгох ажээ. Энэхүү эм нь ДЭМБ-ын эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын стандартын өндөр шаардлагыг хангасан эм юм. Манайд нийлүүлэх эмийн санхүүжилтийг АНУ-ын “St.Jude” эмнэлэг бүрэн хариуцна. Харин эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар ажиллах ажээ. Энэхүү төслийг ДЭМБ-аас санаачилж, иргэдийнх нь ихэнх нь бага болон дундаж орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг 2027 оныг хүртэл үнэ төлбөргүй олгох зорилт тавьсан юм. Тэгвэл манай улсад ийнхүү эм нийлүүлэх болсныг нотлож Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаленте нар өнөөдөр Эрмэлзлэлийн захидалд гарын үсэг зурлаа. Энэ үеэр  сайд С.Чинзориг хэлэхдээ “Манай улсад жилд дунджаар 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог нь харамсалтай. Энэ дундаас тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь нь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноосоо хойш тавхан жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээгээ бүрэн гүйцэд авч чадахгүй байна. Иймээс хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар хангамжийг сайжруулах асуудал туйлын чухал" гэсэн юм. 

     ДЭМБ-ын энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд ЭМЯ ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Тухайлбал, цоо шинээр оруулж ирэх 30 нэр төрлийн эмийн бүртгэл, заавар, стандартыг шинэчлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах, удирдамж боловсруулах зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд бүрэн дүүрэн зохион байгуулсан байна. Үүнийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскаленте онцлохдоо “Монгол улс эрүүл мэндийн салбартаа эм хүлээж авах бэлтгэлийг маш сайн хангасан байна. Хорт хавдрын эмийг тухайн улс оронд нэвтрүүлэхийн тулд юуны өмнө эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар зааварчилгаа гэх мэт маш олон зүйлийг бэлдэх шаардлагатай байдаг. Эмч нар ч хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд аюулгүй, зохистой эмчилгээ хийх чадавхтай болсон байх ёстой. Дэлхий дахинаа маш олон орон хорт хавдрын эмийг хүн амдаа, ялангуяа өвдсөн хүүхдүүддээ хүргэх томоохон сорилттой тулгардаг. Энэ төрлийн эмийг ихэвчлэн насанд хүрэгсдэд зориулж бүтээдэг учраас хүүхдэд зориулсан эмийн хангамж, хүрэлцээ хомс. Энэхүү хөтөлбөр Монгол улсад үнэгүй эм нийлүүлээд зогсохгүй эрүүл мэндийн тогтолцоогоо улам сайжруулж, хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чадавхыг үндэсний хэмжээнд төдийгүй аймгуудын түвшинд тогтоох зорилготой.  Мөн энэ бичиг баримтад гарын үсэг зурж байгаа анхны орон танай улс болж байна. Тийм учраас шуурхай ажилласан танай ЭМЯ-ны баг хамт олонд талархах нь зүйтэй" гэлээ. ДЭМБ энэхүү санаачилгыг хэрэгжүүлснээрээ хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн уг өвчнийг эсэн мэнд даван туулах чадварыг 60 хувиар өсгөх зорилготой юм.

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.