images

“Netflix” платформын хэрэглэгчид “The Night Agent” киног 812 сая цаг үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-20


   “Netflix” компани өөрийн платформоос кино үздэг үзэгчдийнхээ сонирхолтой өгөгдлөөс анх удаа олон нийтэд танилцууллаа. Тус платформоос энэ оны эхний хагаст хамгийн олон хүн үзсэн кино болох улс төрийн триллер “The Night Agent”-ыг хэрэглэгчид 812 сая цаг үзжээ. Үүний дараа “Ginny & Georgia: Season 2” цувралыг 665.1 сая цаг үзсэн бол гуравдугаарт Өмнөд Солонгосын “The Glory” кино орсон байна. Тус киног үзэгчид 622.8 сая цаг үзсэнээр энэ онд “Netflix"-ийн хэрэглэгчдийн хамгийн их үзсэн гурав дахь кино болов. Харин дөрөвдүгээрт “Wednesday” кино 507.7 сая, “Queen Charlotte” 503 сая цагийн үзэлттэй байна. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй цувралууд нь “Ginny and Georgia”, “Gilmore Girls”, “Seinfeld”, “Friends”, “The Office” бөгөөд эдгээр киног үзэгчид тус бүр ойролцоогоор 100 тэрбум цаг үзжээ. Харин хамгийн олон хүн үзсэн ганц ангит кино нь Женифэр Лопесийн тоглосон “The Mother” гэнэ. Энэ киног үзэгчид 249 сая цаг үзжээ. “Netflix"-ийн гаргасан кинонуудын 55 хувь нь компанийн өөрийн хамтран бүтээсэн, зохиогчийн эрхтэй бүтээлүүд бол 45 хувь нь бусад байгууллагынх гэдгийг мөн дээрх тайланд дурдсан байна. Кино урлагийн салбарынхан “Netflix” компанийг үйл ажиллагааныхаа үр дүнг ил тод нийтлэхийг шаарддаг тул ийнхүү хэрэглэгчийн хувийн нууцад үл хамаарах, боломжит өрсөлдөгчдөд чухал биш мэдээллийг өгсөн нь энэ аж. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Тэд Сарандос “Энэ бол “Netflix” төдийгүй энэ салбар дахь том алхам юм” гэжээ. Улмаар тус компани зургаан сар тутамд “Бид юу үзсэн бэ?” тайлан танилцуулж байхаар боллоо. Тус компани 2021 оноос долоо хоног тутам тухайн үеийн хамгийн олон хүн үзэж буй 10 киноны нэрийг зарлах болсон. Харин өнгөрсөн жил шинээр гаргасан зар сурталчилгааны үйлчилгээнийх нь мэдээлэл бизнесийн онцлогоосоо шалтгаалан ил тод байдаг. “Netflix” нь дэлхий даяар 250 сая хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том кино стриймингийн үйлчилгээ үзүүлэгч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.