Монгол, Хятадын байгаль хамгаалагчид цэн тогорууг хамтран судална
Чихэнд чимэгтэй
2023-12-19
Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар, БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай өчигдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг БОАЖЯ мэдээллээ. Дэлхийн цэн тогорууны баруун талын популяцийн ихэнх бодгал нь Поян нуурт өвөлжиж, Монгол орны зүүн хойд хэсэгт орших тал хээр, ойт хээрийн бүсийн ус намгархаг газар үүрлэн үрждэг байна. Эдгээрээс Хурх-Хүйтэний байгалийн нөөц газарт цэн тогорууны үүрний нягтшил хамгийн их байдаг гэнэ. Иймд хоёр орны мэргэжилтнүүд хамтарсан судалгаа, мониторинг хийж, тогорууны нүүдлийн зам дагуу олон нийтэд чиглэсэн сургалт зохион байгуулах, сурталчилгаа мэдээлэл түгээх, харилцан мэргэжилтэн солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл хамтран хэвлүүлэх чиглэлээр ажиллахаар болсон нь энэ юм. БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, холбогдох дөрвөн сумын удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хурх-Хүйтэний байгалийн нөөц газрын менежмэнт, хамгаалалтыг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хариуцаж байгаа ажээ. Поян нууранд өвөлждөг цагаан болон цэн тогоруу, бусад олон зүйлийн шувуудыг үзэж сонирхохоор жилд хэдэн зуун мянган жуулчин ирдэг тул нуур байдаг Жянши мужийн захиргаанаас зохион байгуулж хоёр жилд нэг удаа усны шувууны баярыг тэмдэглэдэг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.