Дэлхийд ур чадварын тэмцээнд Монголыг төлөөлөх залуус тодорлоо
Чихэнд чимэгтэй
2023-12-18
Монгол залуусын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн салбар дахь ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, чанарыг дээшлүүлэх, мэргэжилтний үнэлэмжийг өсгөх зорилготой “Монгол ур чадвар-2023” тэмцээн үндэсний ялагчдаа тодрууллаа. 2013 оноос тогтмол зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрөгч тавдугаар сард болж 138 суралцагч ур чадвараараа өрсөлдсөн юм. Харин хоёрдугаар шат 10 дугаар сард болоход 41 оюутан шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Мөн энэ жилээс тус уралдааны төрөлд график дизайн мэргэжлийг нэмж, мэргэжил тус бүр дээр эксперт багш нарыг шилдгээр шалгаруулжээ. Сүүлийн шатны тэмцээн энэ сарын 13-15-ний өдрүүдэд болов. Ингэснээр тэмцээний дүнгээр CNC токарийн төрөлд Барилгын политехник коллежийн оюутан А.Нямбаяр, гагнуурын төрөлд Өмнөговь аймгийн Политехник коллежийн оюутан Б.Чухал, өрөг угсралтаар Барилгын политехник коллежийн оюутан Ш.Өсөхбаяр, цахилгааны төрөлд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оюутан Б.Хишигт, мужааны төрөлд "Ховд хөгжил" политехник коллежийн оюутан Н.Буд, тогоочийн төрөлд Ражив Гандийн нэрэмжит политехник коллежийн оюутан Ц.Тэмүүлэн, сантехникийн төрөлд Барилгын политехник коллежийн оюутан Ш.Мөнгөншагай, график дизайны төрөлд Өмнөговь аймгийн Политехник коллежийн оюутан М.Жаргалцэцэг нар шалгарчээ. Шилдэг оролцогчид Франц улсад 2024 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.