images

10 настай охин онгоц жолооджээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   Австралид амьдардаг 10 настай Эми Спайсер хэмээх охин онгоцны жолооч болжээ. Залуу нисгэгч баруун Австралийн Пэрт хотын нисэх онгоцны буудлаас “Pipistrel Alpha Trainer” хэмээх хоёр хүний суудалтай, бүрэн цахилгаанаар ажилладаг сургалтын онгоцоор зааварлагчийн хамт хөөрөөд агаарт уг онгоцыг хэсэг хугацааны турш жолоодсон байна. Тэрбээр гэр бүлийн хамтаар Австралийн Квинслэндээс Пэрт хотод нүүж ирснээр онгоц жолоодох сургалтад суух боломжтой болжээ. Дээрх явдал сургалтад хамрагдсанаас нь хойш төд удалгүй буюу саяхан болсон бөгөөд Эми охин нислэгийн үеэр онгоцны жолоодлогыг гартаа авсан байна. Нислэгийн дараагаар тэрбээр энэ тухайгаа "Өнөөдөр би "Pipistrel" цахилгаан онгоцоор нислээ. Энэ бол миний мэдэх цөөхөн цахилгаан онгоцны нэг юм. Одоогоор Австралид цахилгаан онгоц цэнэглэх цэг олон байхгүй ч миний энэ үйлдэл нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, цахилгаанаар нисэх агаарын тээврийн ирээдүйд тусалж чадах байх" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр "Би хоёр ой гарантай байхаасаа л нисэх тухай ярьсан. Харин найман настайдаа планераар нисэж, онгоц жолоодох сургалтад сууж эхэлсэн" хэмээсэн байна. Эми 15 нас хүрээд зааварлагчгүй нисэж, 16 насандаа бие даан нисэх зөвшөөрөл авч болох бол 21 насандаа агаарын тээврийн нисгэгч болох боломжтой гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.