images

Монгол дохионы хэлний хуулийн төслийг хэлэлцүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-18


   Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Монгол дохионы хэл бол албан ёсны хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй" гэж заасан байдаг. Энэ хүрээнд Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос "Монгол дохионы хэлний хууль"-тай болох санаачилгыг гаргасан билээ. Улмаар Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 9-ний А/251 дүгээр тушаалаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Тэгвэл тус ажлын хэсэг энэ сарын 14-ний өдөр Монгол дохионы хэлний хуулийн төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийж, хуулийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандах, үзэл баримтлалын талаар холбогдох байгууллага, иргэдээс санал авчээ. Хэлэлцүүлэгт БШУЯ, Боловсролын Ерөнхий газрын тэгш хамруулах боловсролын хэлтэс, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба, ХНХЯ-ны төлөөлөл, Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн төлөөлөл, сонсголгүй хүүхдийн эцэг эх, 29 дүгээр сургуулийн багш хамт олон, монгол дохионы хэлний хэлмэрчид, хэлмэрчээр суралцаж буй оюутны төлөөлөл оролцсон байна. Оролцогчид Монгол дохионы хэлний хуулийн төсөлд санал, зөвлөгөөндөө амьдралд тулгардаг бодит жишээг баримтаар нотолж хуулийг батлах хэрэгцээ сонсгол болон хэл ярианы 12000 иргэнд зайлшгүй тулгарч байгаа тухай хөнджээ. Мөн энэ хуулийн төсөл нь монгол дохионы хэл хэрэглэгчдийн болон гэр бүл, асран хамгаалагчдын эрхийг хангах нэн чухал хуулийн төсөл болж буйг онцолсон байна. Энэ хууль батлагдсанаар дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэх, сонсголын бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр ашигтай оролцох боломж нөхцөл бүрдэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.