Хэнтийн залуус 20 сая төгрөгийн инновацийн санхүүжилт авчээ
Чихэнд чимэгтэй
2023-12-15
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсад тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглан шийдэх санаачилгыг дэмжихээр "Mon-X" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүллээ. Энэ жилийн уралдаан дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатанд 171 төслийн санал ирсэн байна. Үүнээс урьдчилсан байдлаар таван бүсийн шилдэг 40 төслийг шалгаруулж улмаар сүүлийн шатанд 9 төсөлд тус бүрд нь нэг удаагийн санхүүжилт болох 20 сая төгрөгийг олгосон юм. Үүний дотор Хэнтий аймгаас оролцогч С.Нямсүрэнгийн “Хүүхэлдэйн контент” төсөл багтаж, 20 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Уг төсөл нь тус аймгийн залуусын нэгдэн хийж буй “Lemon Cake” нэртэй хүүхэлдэйн контент юм. Тэд хүүхдийн насанд тохирсон дуу хөгжмөөр дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох контентыг цувралаар бэлтгэн өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн “Нана Ноно” хүүхэлдэйн контентоо Youtube сувгаар болон “DreamTV”-гээр цацсан байна. Одоогоор тэд Youtube сувагтаа 95 мянга гаруй захиалагчтай, 77 хүүхэлдэйн бичлэгтэй болжээ. Төслийн баг үүнээс гадна аймгийнхаа цэцэрлэгийн 37 багштай хамтарч, цөм хөтөлбөрийн дагуу 50 контент бэлтгэхийн зэрэгцээ багш нарт зориулсан гарын авлага хийж байгаа ажээ. Эдгээрийг бүх цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд чөлөөтэй авч хэрэглэх боломжтой бөгөөд 2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ашиглах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.