images

Оросын талаас Монголд нийлүүлэх эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-13


   Монголд ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүчний хэмжээг бууруулах болсон тухай асуудлаар Эрчим хүчний яам, Диспетчерийн Үндэсний төвөөс мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Оросын талаас эрчим хүч ханган нийлүүлэгч компаниас өчигдөр буюу 12 дугаар сарын 12-ны 16 цагт Диспетчерийн Үндэсний төвд энэ сарын 13-наас эхлэн 345 МВт бус 150 МВт хүртэл цахилгаан өгөхөөр болсон тухайн амаар болон бичгээр мэдээлсэн байна. Шалтгаан нь цахилгаан станцын эвдрэл, засварын асуудал байсан юм. Иймд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлж магадгүй эрчим хүчний хязгаарлалтын төлөвлөгөөг танилцуулсан. Энэ үеэрээ Оросын Эрчим хүчний сайдад Гадаад яамаар дамжуулан өчигдөр албан бичиг илгээснээ мэдэгдсэн юм. Тэгвэл Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ойрын хугацаанд Монголд эрчим хүч хязгаарлахгүй болсныг мэдэгдлээ.

   Хэрэв эрчим хүчийг хязгаарлахаар болбол хэрхэх тухай Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн 124 том хэрэглэгчийн цахилгааныг оргил ачааллын үеэр буюу өдрийн цагаар хязгаарлана. Үүнээс давбал, төвийн эрчим хүчний системд хамаардаг Улаанбаатар хот, зургаан аймгийн 150 сумын хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг гурван цаг хүртэлх хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдлыг анхаарна. Хоёрдугаарт, хөлдөөхгүй байхын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана. Эмнэлэг, сургуулийн цахилгааныг хязгаарлахгүй” гэж байсан юм. Мөн тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эхлүүлсэн Хятадаас эрчим хүч импортоор авах хэлэлцээрийн тухай мэдээлэл өгөв. Өвөр Монголын талаас Монголд эрчим хүч нийлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд манай тал эрчим хүч хүлээж авахад шаардлагатай тоног төхөөрөмжийг "Оюу Толгой" компанийн 17 сая долларын хөрөнгөөр авахаар болж тендер зарлажээ. Одоогоор техник технологи дутуу байгаа учраас өвлийн улирлын эрчим хүчний ачаалалтай үед урд хөршөөс эрчим хүч импортоор авч амжихгүй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.