Леброн Жэймсийн хүү коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
Сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жэймсийн ууган хүү Бронни Жэймс өнгөрөгч ням гарагт Өмнөд Калифорнийн их сургуулийн “USC Trojans” сагсан бөмбөгийн багт тоглож эхэллээ. Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард бэлтгэлийнхээ үеэр гэнэт зүрх нь зогсож ухаан алджээ. Тиймээс Лос-Анжелес хотноо эмнэлэгт эмчлүүлж байгаад таван сарын дараа эргэн ирсэн нь энэ юм. Түүний өвчний шалтгааныг Л.Жэймсийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч төрөлхийн зүрхний гажигаас үүдэлтэй гэлээ. Б.Жэймсийн одоо тоглож байгаа баг нь Америкийн коллежийн шилдэг багуудын нэг бөгөөд ням гарагт болсон тэмцээнд тэрбээр 17 минут талбайд тоглож дөрвөн оноо авав. Мөн хоёр удаа бөмбөгөө оновчтой дамжуулж, гурван удаа самбараас бөмбөг авчээ. Гэхдээ түүний баг “Long Beach State” багт хожигдсон юм. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр “USC Trojans” багийн дасгалжуулагч Энди Инфилд “Бронни анхаарлын төвд байж чадлаа. Тэр сагсан бөмбөг тоглох чин хүсэл эрмэлзэлтэй залуу эр” гэжээ. Харин Б.Жэймс “Би бүх зүйлд талархаж байна” гэсэн бөгөөд түүнийг эмчилсэн эмнэлгийнхэн, эмчлүүлж байхад нь дэмжсэн хайртай хүмүүс, дасгалжуулагч, багийнхандаа бүгдэд нь талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр 192 см өндөр, онооны хамгаалагч, коллежийн нэгдүгээр курсийн оюутан юм. Мөн энэ оны ESPN-ий шилдэг 100 коллежийн сагсан бөмбөгчний жагсаалтын 20 дугаарт эрэмбэлэгдсэн. Ийнхүү Л.Жэймсийн мөрөөдөл биелж хүүтэйгээ хамт NBA-д тоглоход ойртсон бөгөөд тэр хүүгийнхээ эхний тоглолтыг очиж дэмжжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.