Монгол, Оросын шатарчид халз тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-12-11
ОХУ-ын Ханты-Мансийск хотноо өнөөдөр Монгол болон Оросын "Югра” багийн нөхөрсөг тоглолт эхэллээ. Дэлхийн шатрын холбоо болон ОХУ-ын шатрын холбоо, Ханты-Мансийск хотын спорт хорооноос зохион байгуулж буй тус тэмцээнд манай тамирчид "Югра” багийн 12 тамирчинтай рапид төрлөөр халз тоглоно. Олон улсын чансааны дарааллаар С.Билгүүн, Н.Баттулга, Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ нар манай эрэгтэй шатарчдыг төлөөлж байгаа бол эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Б.Баярмаа, Э.Хулан нар оролцож байна. Мөн 19 хүртэлх насны залуучуудаас С.Чингүүн, Н.Батболд, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар өрсөлдөж байгаа юм. Харин багийн ахлагчаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Батзориг ажиллаж байгаа ажээ. Монголын шатрын холбооноос нийт тамирчдынхаа нислэгийн тийз болон байр хоолны 90 гаруй сая төгрөгийн зардлыг зохион байгуулагч талтай зөвлөлдөн шийдүүлжээ. Манай тамирчид халз тоглолтод багаараа хожвол хүн тус бүр 80000 рубль буюу гурван сая орчим төгрөгийг, ялагдсан тохиолдолд хүн тус бүр 50000 рублийн шагнал авахаар гэрээ байгуулсан байна. Манай баг энэ өдөр халз тоглолт хийхийн зэрэгцээ бусад хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцоно.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.