images

Азийн тэрбумтнуудаас хэн нь энэ онд буяны үйлсээрээ тэргүүлэв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-05


   “Forbes” сэтгүүл жил бүр хамгийн их буяны үйл хийсэн тэрбумтнуудыг онцолдог. Энэ жил Ази тивийн тэрбумтнуудаас хамгийн их буян үйлдсэн бизнесмэнээр Японы Такэмицү Такизаки тодорчээ. Тэрбээр “Keyence” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийнхаа 2.6 тэрбум доллароор үнэлэгдэх 7.45 сая хувьцааг өөрийн буяны санд хандивласан байна. Мөн Австралийн “Fortescue Metals Group” компанийн Эндрю, Никола Форрэст нар “Minderoo” санд компанийнхаа 3.3 тэрбум долларын үнэ хүрэх хувьцааг хандивлажээ. Харин Хятадын “Midea Group” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Хэ Шяньжян хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлтийн талаар шинжлэх ухааны судалгаанд зориулж 410 сая доллар хандивласан аж. Түүнчлэн Хонконгийн тэрбумтан Ли Ка-Шин анагаахын сургалт, судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлд хоёр их сургуульд нийт 7.7 сая долларын хандив өгчээ.

   Мөн зарим тэрбумтан гагцхүү сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулан хандив өргөсөн байна. Тухайлбал, Хонконгийн тэрбумтан Адриан Чэн хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой сан байгуулсан бол Австралийн Жэймс Пакэр Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд энэ чиглэлд судалгаа хийх хөрөнгө оруулжээ. Харин Индонезийн тэрбумтан Лоу Так Квонг өөрийн нэрээр нэрлэсэн сангаараа дамжуулан Ли Куан Югийн Төрийн бодлогын сургуульд 73 сая доллар хандивласан байна. Ийнхүү дээр нэр дурдсан тэрбумтан найман хүн 2023 онд бусдаасаа хамгийн их хөрөнгө буяны үйлсэд зориулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.