images

Монгол улс дэлхийн шатрын спортод хүйсийн эрх тэгш байдлаар тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-30


   Дэлхийн 105 орны шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлын индексээр Монгол улс тэргүүллээ. Дэлхийн шатрын холбооноос энэхүү үзүүлэлтийг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 18-20 хүртэлх насны тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаар тооцоолон гаргажээ. Жагсаалтын нэгдүгээрт монголчууд 86.53 хувийн үзүүлэлтээр бичигдсэн бол Ази, Африкийн орнууд дундаа шатрын үнэлгээгээр дээгүүрт ордог Шри Ланка, Уганда улсууд удаалсан байна. Мөн тус тайланд манай улсыг дотоодын тэмцээн уралдаанууддаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын шагналыг адилхан олгодог бөгөөд тив дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын 40 хувь нь эмэгтэйчүүд байгааг онцолжээ. Дэлхийн шатрын холбоо 2022 оныг Эмэгтэй шатарчдын жил болгон зарласан бөгөөд энэхүү чансааг тогтоохдоо 0-100 хүртэлх оноогоор  үнэлсэн байна.

   Тус тайланг удирдан гаргасан судлаач, доктор Дэвид Смердон "Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй монгол шатарчдын 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа нь чансааг тэргүүлэхэд нөлөөлж, Монгол улс дэлхийн дунджаас огцом дээшиллээ. Энэ бол шатрын спортод чин сэтгэлээсээ хандаж, тодорхой бодлого баримталснаар юунд хүрч болдгийн сайхан жишээ юм"  гэжээ.

Зураг дээр: “Ханжоу 2022” Азийн наадамд Монголын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр өрөгт АНЭУ-ын шигшээ багийг хожоод буй нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.