Монгол улс Кэмбрижийн их сургуульд Чингис хаан судлалын грант олгоно
Чихэнд чимэгтэй
2023-11-30
Соёлын сайд Ч.Номин 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Лондон хотноо ажиллаж Их Британийн Соёлын сайд Люси Фрэйзертэй уулзжээ. Энэ үеэрээ сайд Кэмбрижийн их сургуультай хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр судалгааны грант олгох болсноо Л.Фрэйзерт дуулгасан байна. Кэмбрижийн их сургууль нь Чингис хааны талаарх судалгааг тогтмол хийсээр иржээ. Тухайлбал, тун удахгүй буюу он гаргаад “The Cambridge History of the Mongol Empire” нэртэй хоёр боть номын цахим хувилбарыг олны хүртээл болгох гэж байна. Уг номыг Кэмбрижийн их сургууль 2023 онд эрхлэн хэвлүүлжээ. Ингэснээр Чингис хааны үйл хэргийн нөлөө, Монголын эзэнт гүрний 1206-1368 оны түүхийн талаар олон улсын судлаачдын хамтран бичсэн уг ном тус сургуулийн Азийн түүхийн номын цуглуулгыг арвижуулсан байна. Тус сургууль өнгөрсөн хугацаанд “Making the East: Chinggisid World Orders”, “The Mongol Empire” зэрэг номуудыг эрхлэн хэвлүүлж байв. Мөн 2005 онд эрдэмтэн Урадын Э.Булаг Чингис хааны сэдвээрх семинарыг тус сургуульд хийсэн байна. Түүнчлэн тус сургуулийн Нийгмийн антропологийн факультетэд Э.Булаг 2018-2021 онд “Чингис хааны түүхийн судалгаа” төслийг хувийн хандивын санхүүжилтээр хийсэн аж. Ингэхдээ Япон, Өмнөд Солонгос, Хятад, Орос зэрэг олон орны сан хөмрөгт үлдсэн Чингис хааны тухай түүхэн эх сурвалжуудыг цуглуулсан юм. Харин энэ удаа манай улсын Засгийн газраас тус сургуулийн судлаачдыг Чингис хааны талаар шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийхэд зориулж буцалтгүй тусламж олгохоор болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.